+ 976 - 99798981, 99147159
info@khaldvarguijuulelt.mn
Хүний томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх

Хүний томуугийн халдвараар өвчилсөн ихэнх хүн (90 гаруй хувь нь) гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой.

Хэрэв томуугийн халдвар авсан шинж (бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах) илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй, хурдан эдгэрэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгаа  

-Аль болох гэртээ байж, сайн амрах, унтах, тайван байх

-Гараа тогтмол савандаж угаах

-Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс, чацаргана зэргийг ахиухан уух,

-Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс идэх. Сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх.

-Ханиаж, найтаах бүрт ам хамрын цаасан алчуур хэрэглэж тэр даруй устгах.

-Амны хаалтыг зөв хэрэглэх.

-1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.

-Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)

-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах

-Архи, тамхийг цээрлэх.

-Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг) уух

-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух

-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх

-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх

-Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утасаар лавлаж болно.

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж

Чийгтэй, нойтон цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар хийх хэрэгтэй. Томуугийн вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүй болдог / хлорамин ,гипохлорит кальци, жавельон/ тул халдваргүйжүүлэлтийг дараах байдлаар хийж болно. Үүнд: тоосыг арчсаны дараа 2-5%-ийн хлорамины уусмалаар бүх талбайг сайтар арчиж халдваргүйжүүлнэ.

Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай.

Агаарыг халдваргүйжүүлэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох буюу агааржуулагч төхөөрөмжийг 2 цаг тутамд 15-20 минутаар ажиллуулж агаарыг сэлгэнэ.

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйжүүлэлтийн уусмалаар норгосон алчуураар арчина.

Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйжүүлэлтийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ - ээр савлагдсан хлорамин бөгөөд энэ нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллагын үйлчилгээний онцлог, халдваргүйжүүлэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болно.